
Ажилчдын ядаргаа, ажлын ачаалал компаниудад ажилтан бүрээс жилд 4,000-21,000 долларын зарлагатай байдаг гэж American Journal of Preventive Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. Судлаачид компьютер загвар ашиглан дараах тооцоог гаргасан байна:
- Цагийн ажилтан (менежер биш) – 3,999 доллар
- Энгийн ажилтан (менежер биш) – 4,257 доллар
- Менежер – 10,824 доллар
- Гүйцэтгэх удирдлага – 20,683 доллар гэхчлэн 1000 ажилчидтай компанийн хувьд нийт алдагдал нь жилд 5.04 сая доллар хүрэх боломжтой гэжээ.
Барух коллежийн Зиклин бизнесийн сургуулийн профессор, судалгааны хамтран зохиогч Молли Керн хэлэхдээ:
“Ажилчдын ядаргаа нэлээд түгээмэл бөгөөд энэ нь байгууллагуудад жил бүр олон сая долларын алдагдал учруулж байна. Байгууллагын удирдлагууд өөрсдийн компанийн соёл, урамшууллын бодлогоор дамжуулан ачааллаа дийлэхээ больсон ч бусдад мэдэгдэхгүй байгаа тэдгээр 60%-н ажилчдадаа хэрхэн дэмжлэг үзүүлэхээ анхаарах цаг нь болсон.” гэжээ.
Энэхүү судалгааны зорилго нь ажилчдын ажлын хандлага, ачааллын нөлөөг тоон утгаар хэмжих байв. Судлаачдын тооцоолсноор ажлын байран дахь стрессийн өртөг нь компанийн ажилчдын эрүүл мэндийн даатгалын дунджаас 0.2−2.9 дахин, ажилтны сургалтын зардлаас 3.3−17.1 дахин өндөр өртөгтэй байж болох аж.
Судалгааны ахлах зохиогч, Нью-Йорк хотын их сургуулийн Нийгэм, эрүүл мэндийн сургуулийн профессор Брюс Ли:
“Манай тооцооллын загвар компаниудад ажилчдын хэт ачаалал нь санхүүгийн хувьд ямар их зардал дагуулж буйг тодорхой харуулж байна. Тиймээс ажилчдын сэтгэлзүй, эрүүл мэндэд илүү анхаарах нь компанийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх нэг арга зам байж болно” гэжээ.
Хэт ачааллыг бууруулах боломжтой юу?
Ажилчдын ачааллыг бууруулахын тулд зөвлөгөө өгөх үйлчилгээ, мэргэжлийн ур чадварын сургалт, сэтгэлзүйн сургалт, дасан зохицох дадал зэргийг байгууллагын түвшинд нэвтрүүлж болох ч эдгээр нь урт хугацаандаа үр дүнтэй байхад ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг гэж судлаачид онцолжээ.
“Ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарах зардал нь ажил олгогчдод дарамт болж мэднэ. Гэхдээ хэрвээ ядаргааг багасгаснаар ямар хэмжээний зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах боломжтойг тооцвол, энэ нь зүй ёсны хөрөнгө оруулалт болж чадна.”
Мөн судалгаануудын үзүүлэлтээс харахад менежерүүд ядаргаанд хамгийн их өртөж буй бүлэг аж. Top Workplaces байгууллага болон Energage платформын судалгаагаар менежерүүдийн стресс энэ оны ажлын байрны хамгийн том асуудлуудын нэг байх болно гэж дүгнэжээ.
Мөн DDI-ийн Global Leadership Forecast 2025 судалгаагаар менежерүүдийн 40% нь ажлын стрессээс болж удирдах албан тушаалаасаа гарах талаар бодож байсан гэж хариулсан байна.