
АНУ-д ажилчдын 21 хувь нь өөрийн мэргэжлийн ирээдүй өөрөөс нь шалтгаалахгүй байна гэж буй бөгөөд энэ хандлага нь сүүлийн таван жилийн хугацаанд улам дордсон хэмээн Финиксийн Их сургуулийн Мэргэжлийн Хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 8-ны тайландаа дурджээ.
Тус байгууллагын “Мэргэжлийн Эерэг Хандлагын Индекс”-т түүхэндээ хамгийн өндөр burnout буюу ажлаас туйлдах шинж бүртгэгдсэн ба ажилчдын тал хувь нь ийн мэдэрч буйгаа илэрхийлсэн байна. Олонх нь ердөө итгэл найдвараараа тэсэж байна гэжээ.
Финиксийн Их сургуулийн ерөнхийлөгч Жон Вудс “Ирэх таван жил бол ажилчдаа хадгалж чадах, амжилтад хүрч чадах компаниуд ялгарах чухал хугацаа байх болно. Манай индексээр байгууллагууд ажилчдынхаа хэрэгцээ, зах зээлийн өөрчлөлтөд нийцсэн, уян хатан боловсон хүчин бүрдүүлэх боломж байгааг харуулж байна” хэмээн онцолжээ. Тэрээр “Хэрэв байгууллагууд чадварлаг боловсон хүчнээ хөгжүүлэх зорилготой, урт хугацааны төлөвлөгөөтэй хөрөнгө оруулалт хийхгүй бол зөвхөн ажилчдаа алдаад зогсохгүй бүтээмж, өрсөлдөх чадвараа ч алдах эрсдэлтэй” гэв.
5000 гаруй насанд хүрсэн иргэн, 500 ажил олгогчийг хамруулсан энэ судалгаагаар, ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарахгүй байна гэсэн ажилчид burnout-д өртөх магадлал 52 хувиар илүү байжээ.
Гэсэн хэдий ч мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх нь ажлын стресс, ажлаас халшрахыг бууруулах гол арга гэж судалгаанд оролцогчид үзэж байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 71 хувь нь шинэ ур чадвар эзэмших нь карьер ахихад зайлшгүй хэрэгтэй гэжээ. Сургалт, хөгжлийн боломж бүхий ажлын байранд ажиллаж буй хүмүүс илүү идэвхтэй, урам зоригтой байдаг бол 43 хувь нь шаардлагатай сургалтад хамрагдахад бэрхшээлтэй байдаг гэж мэдэгдсэн ч 86 хувь нь идэвхтэйгээр ур чадвараа дээшлүүлэх боломж хайж байна гэжээ.
Нөгөө талаар, ажил олгогчдын 60 хувь нь одоо байгаа ажилчдаа сургаж хөгжүүлэхийн оронд шинэ ажилтан авахыг илүүд үздэг байна. 2022 оноос хойш ажил олгогчдын сургалтад оруулах хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурчээ.
isolved-ийн тайланд дурдсанаар, ажилчдын дийлэнх нь ажлын хэт ачаалал, стрессээс үүдэн идэвхгүй болж, бүтээмж буурахад хүргэдэг байна. Ажил хайгчдын хувьд уян хатан цагийн хуваарь, зайн болон холимог ажлын боломж, илүү сайн хангамж, карьер хөгжлийн боломж зэрэг нь гол шалгуур болжээ.